Monday, November 12, 2007

Эх орон минь Би Чамайг санаж байна

Эх орон минь би чамайг санаж байна. Борооны өмнөх шуурга, шуурганы дараах хачин нам гүм, цэлгэр их тал, цэлмэг хөх тэнгэрээ санаж байна. Үүнийг энд ирсэн анхны өдрөө бүр тодруулбал хязгааргүй их далай, тэр дунд хаягдаад мартагдсан мэт санагдах усан онгоцыг хараад бичиж билээ. Яагаад ч юм тэгэхэд энэ газар нэг их удаан амьдарч чадахгүй мэт санагдсан. Гэвч хэл сурах, хэд гурван төгрөг олж ар гэрийнхэндээ явуулах, асар хурд шаардсан америк маягийн амьдралд дасан зохицох гэж гүйсээр байтал хэдийнээ хэдэн жил өнгөрчээ. Бас шүлэг, тэмдэглэл бичилгүй ч их удлаа. Магадгүй сэтгүүлчдийн хэллэгээр зэвэрч байх шиг. Гэхдээ л заримдаа тэр гээд хэлчихийн аргаггүй сонин, гунигтай ч байж болох мэдрэмж төрөх. Урьд нь ийм сонин мэдрэмжийг мэдэрч байсангүй. Үгүй анзаардаггүй ч байсан байж болох талтай.

Ингэхэд эх орон ч гэж ямар үзлийг хэлдэг юм бэ? Энэ талаар төрөлх орондоо байхдаа нэг их тунгаан бодож байсангүй. Харин ч эх орноо санан дурссан ээж ааваа хайлан дуулсан өгүүллэг сэтгэгдлийг уншаад яах гэж харийн оронд хүний нутагт явдаг байнаа гэсэн шүү юм бодож явснаа бодохоор өөрөөсөө ичих шиг. Ингэхэд би эх орон ч үзэлтэй юу? Энэ асуултыг өөртөө олон удаа тавилаа. Гэхдээ тийм гээд хариулж чадсангүй. Бас үгүй ч гэж хэлж зүрхлэхгүй байна. Ямарчил байсан би эх орондоо хайртай хүн. Саяхны нэг өдөр энэтхэг хоолны газар орлоо. Тэндхийн ажилтан бололтой энэтхэг залуу чи хаанаас ирсэн бэ? гэж асуухаар нь Монгол гэтэл нүд нь сэргээд ирдэг юм байна. Тэр шууд л Монгол охид мөнгөнд дуртай гэсэн. Чи надад монгол охин олж өгөөч гээд л гуйж шалахаас наагуур юм боллоо. Учрыг тодруулвал тэнд ажилладаг монгол залуу ийнхүү сурталчилсан бололтой. Харин би тэр залуу чамаар тоглосон байх. Яагаад гэвэл манай охид чиний бодож байгаа шиг биш. Тэд цэвэр ариун гэр бүлдээ үнэнч хүмүүс гэж хариуллаа. Их олон зүйлийг тайлбарлаж бидний талаарх түүний буруу үзэл бодлыг өөрчилмөөр байсан ч хэлний бэрхшээлээс болж чадсангүй. Яагаад ч юм тэр хоолны газар ажиллдаг монгол залууд гомдох ч шиг. Бас нэг удаа англи хэлний багш Монголын хамгийн сайн зохиолч хэн бэ гэж асуухад нь манай оронд олон зохиолч бий тэд бүгдээрээ сайн. Харин утга зохиолын талаархи үзэл бодлыг минь төлөвшихөд асар их үүрэг гүйцэтгэсэн Монголын төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр багшийгаа хүндэтгэж явдаг гээд л гар хуруугаа оролцуулан дохио зангаараар ярьж байтал хамт сурдаг монгол бүсгүй "Би монголын зохиолчдын бичсэнийг ойлгодоггүй. Тиймээс би монголын уран зохиолыг уншдаггүй. Харин оросын зохиолчдыг хүндэтгэдэг." гэж хэллээ. Чи чинь Монгол хүн биздээ гэж хэлэхээс өөр үг олдсонгүй. Иймэрхүү хачин гэмээр хүмүүс мэр сэр байх. Чухам ийм хүмүүсийн хажууд бол би эх оронч хүн юм. Тиймээс ч ихэнхи хүмүүс Монголын нэр хүндийг өргөж, эх орныхоо сайн сайхан талыг ярьж хэлж явдаг гэдэгт итгэдэг. Өчүүхэн зүйлээр ч гэсэн миний эх орон гэж бахархаж баярлаж чадаж л байвал тэр нь эх оронч үзлийн нэг хэлбэр юмуу даа. Миний эх оронд бахархах бахдах зүйл маш их бий. Сэгсгэрч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь бий гэгчээр эх оронтой хүн шүү гэж омог бардам бодох үе хүн болгонд байдаг байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч Монгол хүн эх оронтойгоо хүйн холбоотой байдаг гэдэг шүү дээ.

Уудам сэтгэж, холыг хардаг байх тусмаа хүний амьдрал үнэ цэнэтэй гэдгийг бага сургуульд байхдаа эмээ ээжээсээ анх мэдэж билээ. Эмээ маань Гандан орохоороо хүрд эргүүлээд салахгүй. Их л сүсгэлж их л залбирдагсан. Нэг удаа гандан ороод буцах замдаа " Хүн бурханаас зөвхөн өөрийнхөө үйлсийг бүтээж өгөхийг гүйж болохгүй. Тэгвэл чи өчүүхэн хүн. Тэр утгаараа ч өчүүхэн үйлс бүтээнэ. Харин бусдын өмнөөс сайн сайханыг гуйж сурах хэрэгтэй. Аав ээж минь урт удаан наслаарай, ард түмэн минь амар амгалан, эх дэлхий минь дайн дажингүй энх тунх оршоорой гэж залбир ч байгаарай. Тэгвэл бурхан чамайг сайхан сэтгэлтэй уудам ухаантай хүн байна гэж сайнаар бодох болно. Тэгээд ч чи ихийг бодож байвал их үйлс бүтээх болно" гэж хэлж билээ. Харин би тэр үед жаахан байсан болохоор мундаг холч хүн болох гээд л ард түмэн эх орон, эх дэлхий гэж ирээд л залбирдаг болж билээ. Үүнийгээ бодохоор одоо инээд хүрдэг юм. Харин эмээгийн маань энэ үг тэр чигээрээ гүн ухаан байж дээ. Ийм мундаг ухаантай ард түмний үр сад бид өчүүхэн байж болохгүй мэт. Нэг удаа би бурханч лам Г. Пүрэвбат багштай утсаар ярилаа. Багш минь хүний нутаг хэцүү байна шүү гэтэл өмнөөс "Хүний нутаг гэж бүү хүнийрх. Хүн байх ёстой газраа байх ёстой болоод л чи наанаа байгаа. Тэгээд ч холын сүмбэр уулнаас ойр байгаа дов толгод нь дээр гэсэн үг байдаг юм. Байгаа газрынхаа уул усанд залбирч сүсгэлж яв. Хүн өөрөө энэ бүхэн хүнийх гээд хүнийрхээд байвал тэд юу боллоо гэж чамд өөриймсөх билээ." гэж хэлж билээ. Энэ цагаас хойш хүний нутаг гэж бодохоо больсон. Үгүй ядахнаа нь ингэж бодохгүйг хичээх болсон. Тиймээ бид хувь тавилангаар оногдсон байх ёстой газраа л байгаа. Харин байх ёстой газраа л аятайхан байх хэрэгтэй мэт. Эх орон ард түмнийхээ сайн сайхан хөгжлийн төлөө зүтгэж, үгүй ядахнаа нь тэднийхээ төлөө залбирч баймаар. Бусдад буруу худал ойлголт өгмөөргүй л санагдах юм даа.
Д.Дэнсмаа. /СанФранциско/

Шинэ шүлгүүд



2006 оны 11 сарын 27
Эрхэм ээ? хаалгаа онгойлгооч
Энэ бие минь дагжин чичирч байна
Цэв хүйтэн бороонд норж
Цэл залуу насныхаа дурлалыг үдчихээд ирлээ

Тулалдааны талбарт хоёулаа байсан
Тунчиг дэгжин бүсгүйтэй
Ялагдахаа би мэдэж байсан
Яагаад ч юм бас бууж өгөхийг хүсээгүй

Асгарах борооноор тэр цонх балбаж
Азгүй чамтай сүмийн дэргэд уулзана гэсэн
Түүний гарт илд бамбай гялалзаж харагдсан
Түрүүчийн болжмор ч сэрээгүй цагийг сонгосон байсан

Нэг хундага дарс өгөөч надад
Нэрээ марттал ядарчээ би
Дурлалын талбарт ялагдсан надтай
Дуугүй сууж хамтдаа ууцгаая
2006 он

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Хэлж мэдэхгүй байнаа би
Хэдийдээ чамд хайртай гээд хэлчихсэн юм бэ?
Хөхөлбий туяа хөлийг чинь ороож байхад уу
Хөмсөг нүдийг минь үнсэх гээд зүтгэж байхад чинь үү?
Юу ч санахгүй байнаа
Юм юм болсон гэж үү?
Онхолдсон дарсны шил
Ор дэр нь хөглөрсөн
Ийм сонин байшинд
Ингэхэд би хэзээ ирсэн бэ?
Харин залуу минь чи
Хаанахын хэн гэгч вэ?
Хацар чинь улайгаад
Хачин ийм ичэмхий гэж үү?
Урьд шөнийн тэр үгийг мартана биз дээ
Уугаад л уугаад л байснаа санаж байна
Дарсны бөглөө мулталж
Дараагийнхыг нь аваад ир гэсэн үү
Тэгвэл би чамайг хуурсан юм байнаа
Тэгтлээ ихээр согтохын тулд
Хайртай гэж хэлсэн юм байна
Харцаа л харин буруулсан байгаа даа
2006 он
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Амрагын дүрээр инээмсэглэн ирсэн тэр
Аянчны төрхтэй хаалгаар гарлаа
Бүрх малгай өмсөж,цув нөмөрчээ
Бороонд норж , шуурганд уруудана гэж айсан юм байхаа

Сүйх тэрэгний чимээнд цонх доргиж,
Сүмийн хонх үдэлтийн агшинд дуугарлаа
Саарал гудамжны бүдэгхэн дэнлүү унтарч
Саваагүй дурлалын эзэн бараа тасарлаа

Уруулын минь будаг арилаагүй байтал,
Урвагчийн тухай зүүдлээч үгүй байж
Хаалга үүдээ түгжих гэж үү? би
Хачин гүнигтайгаар санаа алдах ч хүсэл алга
2006 он
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Цагаан цамц, улаан зангиа
Цаг ямагт түүний гоёл
Яг л хуй салхи шиг араншин
Яагаад ч юм надад байдаггүй төрх

Хэнд ч тэр урьдчилж хэлдэггүй
Хэзээч хамаагүй хаалга тогшдог
Энгэр цээжиндээ тэврэхдээ
Эргээд ирлээ гэж шивнэдэггүй

Тэр салхи шуурганы үр сад
Тэр цас борооны улирал
Тэр далайн давалгааны эрч хүч
Тэр дурлал хайрыг жолоодогч

Гялалзсан нүд, гялтагнасан үс
Ганцхан түүнд л байдаг чимэг
Гарыг минь үнсэхдээ чичирдэгч
Ганцаардлаас огт айдаггүй

Эрүүн дороос өргөөд нүдрүү ширтэхдээ
Эргэж ирнэ гэж амладаггүй
Үдэлтийн агшинд дургүй минь мэдсээр байж
Үүдэн дээр орхидог

Тэр үзэн ядалтын эхлэл
Тэр үлгэр домгын өрнөл
Тэр эрх чөлөөний оргил
Тэр эндхийнх биш ... би танихгүй
2006 он
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Хар шөнөөр хаалга балбасан
Хаанахын хэн гэгч бэ чи
Хачин жигтэй инээмсэглэсэн
Хар шидийн хүч вэ чи

Үүр шөнөөр үүд тогшсон
Үхэл амьдралын зааг уу чи
Үзэмжит залуу насыг гунигт бэлэглэсэн
Үзэн ядахын эхлэл үү чи

Чичирсэн гарыг тонгойж үнссэн
Чилгэр шөнөөр хүчээр босгосoн
Унжсан усийг хойш нь илбэсэн
Урьд шөнийн зочин чи хэн бэ

Өрсөхгүй л бол нисээд явчих
Өр цагаан шувууд
Өөрийг минь үргэлж тарчлаагч
Үзэг цаас үг гурав...
2
Дэрхийн нисэх шувууд
Дэргэдээс алдрах үгс
Хачин нам гүм
Харанхуйн дундах өнчин гэрэл
Энэ бүхэн
Энэ доор хөлийн өлмийд
3
Эрч хүч минь саарчээ
Эхлэл,... өглөөний туяа
Магадгүй бүр төгсгөл
Маргааш шөнийн...
2006 он