Monday, November 12, 2007

Шинэ шүлгүүд



2006 оны 11 сарын 27
Эрхэм ээ? хаалгаа онгойлгооч
Энэ бие минь дагжин чичирч байна
Цэв хүйтэн бороонд норж
Цэл залуу насныхаа дурлалыг үдчихээд ирлээ

Тулалдааны талбарт хоёулаа байсан
Тунчиг дэгжин бүсгүйтэй
Ялагдахаа би мэдэж байсан
Яагаад ч юм бас бууж өгөхийг хүсээгүй

Асгарах борооноор тэр цонх балбаж
Азгүй чамтай сүмийн дэргэд уулзана гэсэн
Түүний гарт илд бамбай гялалзаж харагдсан
Түрүүчийн болжмор ч сэрээгүй цагийг сонгосон байсан

Нэг хундага дарс өгөөч надад
Нэрээ марттал ядарчээ би
Дурлалын талбарт ялагдсан надтай
Дуугүй сууж хамтдаа ууцгаая
2006 он

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Хэлж мэдэхгүй байнаа би
Хэдийдээ чамд хайртай гээд хэлчихсэн юм бэ?
Хөхөлбий туяа хөлийг чинь ороож байхад уу
Хөмсөг нүдийг минь үнсэх гээд зүтгэж байхад чинь үү?
Юу ч санахгүй байнаа
Юм юм болсон гэж үү?
Онхолдсон дарсны шил
Ор дэр нь хөглөрсөн
Ийм сонин байшинд
Ингэхэд би хэзээ ирсэн бэ?
Харин залуу минь чи
Хаанахын хэн гэгч вэ?
Хацар чинь улайгаад
Хачин ийм ичэмхий гэж үү?
Урьд шөнийн тэр үгийг мартана биз дээ
Уугаад л уугаад л байснаа санаж байна
Дарсны бөглөө мулталж
Дараагийнхыг нь аваад ир гэсэн үү
Тэгвэл би чамайг хуурсан юм байнаа
Тэгтлээ ихээр согтохын тулд
Хайртай гэж хэлсэн юм байна
Харцаа л харин буруулсан байгаа даа
2006 он
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Амрагын дүрээр инээмсэглэн ирсэн тэр
Аянчны төрхтэй хаалгаар гарлаа
Бүрх малгай өмсөж,цув нөмөрчээ
Бороонд норж , шуурганд уруудана гэж айсан юм байхаа

Сүйх тэрэгний чимээнд цонх доргиж,
Сүмийн хонх үдэлтийн агшинд дуугарлаа
Саарал гудамжны бүдэгхэн дэнлүү унтарч
Саваагүй дурлалын эзэн бараа тасарлаа

Уруулын минь будаг арилаагүй байтал,
Урвагчийн тухай зүүдлээч үгүй байж
Хаалга үүдээ түгжих гэж үү? би
Хачин гүнигтайгаар санаа алдах ч хүсэл алга
2006 он
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Цагаан цамц, улаан зангиа
Цаг ямагт түүний гоёл
Яг л хуй салхи шиг араншин
Яагаад ч юм надад байдаггүй төрх

Хэнд ч тэр урьдчилж хэлдэггүй
Хэзээч хамаагүй хаалга тогшдог
Энгэр цээжиндээ тэврэхдээ
Эргээд ирлээ гэж шивнэдэггүй

Тэр салхи шуурганы үр сад
Тэр цас борооны улирал
Тэр далайн давалгааны эрч хүч
Тэр дурлал хайрыг жолоодогч

Гялалзсан нүд, гялтагнасан үс
Ганцхан түүнд л байдаг чимэг
Гарыг минь үнсэхдээ чичирдэгч
Ганцаардлаас огт айдаггүй

Эрүүн дороос өргөөд нүдрүү ширтэхдээ
Эргэж ирнэ гэж амладаггүй
Үдэлтийн агшинд дургүй минь мэдсээр байж
Үүдэн дээр орхидог

Тэр үзэн ядалтын эхлэл
Тэр үлгэр домгын өрнөл
Тэр эрх чөлөөний оргил
Тэр эндхийнх биш ... би танихгүй
2006 он
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Хар шөнөөр хаалга балбасан
Хаанахын хэн гэгч бэ чи
Хачин жигтэй инээмсэглэсэн
Хар шидийн хүч вэ чи

Үүр шөнөөр үүд тогшсон
Үхэл амьдралын зааг уу чи
Үзэмжит залуу насыг гунигт бэлэглэсэн
Үзэн ядахын эхлэл үү чи

Чичирсэн гарыг тонгойж үнссэн
Чилгэр шөнөөр хүчээр босгосoн
Унжсан усийг хойш нь илбэсэн
Урьд шөнийн зочин чи хэн бэ

Өрсөхгүй л бол нисээд явчих
Өр цагаан шувууд
Өөрийг минь үргэлж тарчлаагч
Үзэг цаас үг гурав...
2
Дэрхийн нисэх шувууд
Дэргэдээс алдрах үгс
Хачин нам гүм
Харанхуйн дундах өнчин гэрэл
Энэ бүхэн
Энэ доор хөлийн өлмийд
3
Эрч хүч минь саарчээ
Эхлэл,... өглөөний туяа
Магадгүй бүр төгсгөл
Маргааш шөнийн...
2006 он

No comments: